“ЮУГАА Ч ХАРАМЛААГҮЙ НУТАГ МИНЬ” УВС АЙМАГ ӨМНӨГОВЬ СУМ

           Өмнөговь сум нь 1924 онд байгуулагдсан Увс ,Ховд ,Баян-Өлгий аймгуудын хилийн заагт оршидог .Сумын төв нь Улаанбаатар хотоос 1516 км , Улаангом хотоос 119 км, Ховд хотоос 145 км, Өлгий хотоос 188 км зайтай оршдог.
          Сум нийт 314.6 мянган га нутаг дэвсгэртэй . Газрын гадаргын төрх байдал нь жигд биш хойд хэсгээрээ уулархаг ,өмнөд хэсгээрээ тал голдуу ,төв хэсгээр өргөн тавиу хөндий ,хонхор олонтой .
Агаарын температурын хувьд дунджаар зунд 20-25 хэм хүртэл халж ,өвөлдөө 20-30 орчим хэм хүрч хүйтэрч, дундаж салхины хурд 4-18 м/секунд хүрдэг төв Азийн томоохон цөлийн нэг болох говийн хойд үзүүр хэсэгт орших ба ерөнхийдөө хур тунадас багатай хуурай, цэлмэг, салхи ихтэй эрс тэс уур амьсгалтай.
           Сумын төвийн дэргэдүүр урсах Намирын гол Хархираагийн уулсаас эх авч Хар-Ус нуурт цутгадаг. Мөн тус сумын нутгаар Ховд ,Бургастайн гол урсан өнгөрдөг. Хар ус нуур нь 15 км урт, 7 км өргөн юм.
Төрийн тахилгатай Алтан Хөхий уул болон ховордсон амьтад, ургамлын нөөц бүхий Улиастын шил, Яргайт уул, Ёлын шил, Ховд, Орлогын голын хөндий шугуй, Ногооны рашаан, Хар ус нуур зэрэг байгалийн сонин, содон тогтоц амьтан ,ургамлаар баялаг нутагтай. Тухайлбал,  аргал, янгир,, буга, гахай, ирвэс, шилүүс, ёл, тас, хойлог г.м ховордсон ан амьтантай.
         Сумын төвөөс Яврын нүүрсний орд 12 км, Орлогын алтны орд  30 км , Барилгын материал Намирын гол, ОРлогын гол, Мунживын тоосгоны шавар 1.5-50 км, Хар шанага, Туулай, Явар, Сэрүүний эрдэс будаг, зос 5-40 км, Сүүжийн давс, хужрын орд 25 км, Нарийн хоол, Төгрөг хоол ,Давст хоол, Улаан шанага, Туулай, Бор хагийн хужир 10-20 км зайд оршдог.
          Сумын эдийн засгийн голлох салбар нь үеийн үед дамжин ирсэн уламжлалт бэлчээрийн мал аж ахуй юм .
          Өмнөговь сум нь 2009 оны 09-р сарын байдлаар: 1030 өрхийн 4336 суурин хүн амтай,  41 хувь  буюу 1780 нь 0-16 насны хүүхэд, 53,8 хувь  буюу 2337 хүн хөдөлмөрийн насны, 5 хувь нь тэтгэврийн насны ахмадууд эзэлж байгаа ба нийт хүмүүсийн 1169 буюу 51 хувь нь эмэгтэйчүүд эзэлдэг. Ажил хөдөлмөр эрхлэгчид  1905, үүнээс ХАА-н салбарт 1510 хүн ажилладаг. Ажилгүйчүүд 224 байна.
             Сумын 2009 он : ЗДТГ-ын төсөв 123,7 сая төгрөг, үүнээс орон нутгийн орлого 16,5 сая төгрөг,  Боловсролын байгууллагын төсөв 433,6 сая төгрөг, хувийн бага сургууль  38,4 сая төгрөг, Цэцэрлэгийн төсөв  72, сая төгрөг,  Хүн эмнэлгийн төсөв 165,0 сая төгрөг, Соёл  18,8 сая төгрөгийн төсөвтэй үйл ажиллагаа явуулж байна.
         Ерөнхий боловсролын бүрэн дунд ба бага нийт 3 сургууль нийт 110 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж   1260 гаруй сурагч, СӨБ-д 130 хүүхэд хүмүүжин, их, дээд сургууль, коллежид 100 гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд жилд дунджаар 130 хүүхэд шинээр мэндэлж, хүн амын цэвэр өсөлт 1,6 хувь байна.
          Сумын хүн эмнэлэг 2007 онд Сум дундын эмнэлэг статуст шилжсэн, 3 их эмч, нийт 33 орон тоотойгоор ажилладаг.
          Сум 5 багтай, нийт 164500 толгой малтай, үүнээс тэмээ 987, адуу 4654, үхэр 5167, хонь 80120, ямаа 73572 толгой байгаагаас жилд 6,0 тн тэмээний ноос, 120 тн хонины ноос, 25 тн ямааны ноолуур, 10,0-15,0 ширхэг арьс шир, айраг 3 тн, 50 гаруй тн сүү, сүүн бүтээгдэхүүн, 7,0-10,0 тн мах, мал бэлтгэн нийлүүлдэг.
          Газар тариалангийн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж энэ онд  20 өрх, 1 албан байгууллага нийт 6,99 га-д төмс, 2,02 га-д хүнсний ногоо тариалж 62 тн төмс, 9 тн хүнсний ногоо хураан авсан.
            Үйлдвэрлэл, үйлчилгээний хувийн хэвшлийн жижиг бизнесийн үйл ажиллагаа төлөвшиж байна. Үүнд: 150 ширхэг эсгий үйлдвэрлэдэг эсгийний 1 үйлдвэр, өдөрт 30 ширхэг талх, 50 кг нарийн боов үйлдвэрлэдэг талх, нарийн боовны 2 цех, жилд 800 ширхэг цагаан ултай гутал үйлдвэрлэдэг хувийн оёдолчин 8, үсчин 1, зочид  буудал 1, хувийн Мал эмнэлэг, үржлийн 4 нэгж, ШТС 3 үйл ажиллагаа явуулж байна.
 Сумын давуу тал:
1. Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон.
2. Холбоо мэдээлэлийн болон үүрэн телефоны 4 операторын сүлжээтэй. Шилэн кабельд холбогдсон.
3. Малын тоогоор аймагтаа 3-т ордог.
4. Өлгийн улаан омгийн ямаа, мах ноосны чиглэлийн Баяд үүлдрээр сайжруулсан хонин сүрэгтэй.
5. ХААН, МШБ, явуулын ХАС, ЗООС банкууд үйл ажиллагаа явуулдаг.
6. Хүлэмж, 30 тн-ы хүнсний ногоо хадгалах зоорь, жижиг оврын трактор  бүхий Агропарк ашиглалтанд орсон.
7. Боловсролын төрийн болон хувийн 3 сургуультай
8. Сум дундын нэгдсэн хүн эмнэлэгтэй.
Сул тал:
1.  Бизнесийн таатай орчин бүрдээгүй, сумын төсвийн 98%-ийг улс, аймгийн төсвөөс нөхдөг.
2. Удирдлага, төлөвлөлт, санхүүжилтийн босоо тогтолцооны улмаас орон нутаг өөрийн бодитой өмчгүй, төсвөө өөрөө бүрдүүлэх, захиран зарцуулах эрх мэдэл хязгаарлагдмал.
3.  Бизнес эрхлэгчдийн санхүүгийн чадавхи сул, дэвшилтэт техник, технологи нэвтрээгүй
4.  Бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийн төвлөрсөн зах зээлээс алслагдсан.
5.  Замын нөхцөл муу зэрэг болно.
Сумын хөгжлийн хөтөлбөр нь сумын иргэд, олон нийтийн оролцоо, орон нутгийнхны чин эрмэлзэлд тулгуурласан ШХА-ийн санхүүжилтээр    “Мерси Кор” олон улсын Баруун бүсийн эдийн засгийг хөгжүүлэх төслийн дэмжлэгтэйгээр бүтээсэн олон нийтийн хамтын бүтээл юм.
Сумыг 2008-2016 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн стратеги төлөвлөгөө өмнө нь та нөхдийн гар дээр хүргэгдсэн билээ.
Сумын төлөөлөл, удирдлага хөгжлийн стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг нэгтгэн дүгнэх, цаашид авах арга хэмжээг танилцуулах зорилготойгоор УБ хотод ирж үйл ажиллагаагаа эхлээд байна.
Ойрын хугацаанд  хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж байна.

Үйл ажиллагаа явуулах дараахь  боломжууд байна.
1.МАА-г хөгжүүлэх боломж 
  - Хонийг Баяд үүлдрээр, ямааг Өлгийн улаан омгоор сайжруулан цөм сүрэг бүрдүүлж, үржлийн хээлтүүлэгч бойжуулах
  - Мал эмнэлэг, үржлийн нэгжийн чадавхийг сайжруулах, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэн мал сүргийг эрүүлжүүлэх, халдваргүйжүүлэх
  - Малын эмийн санг тогтвортой ажиллуулах
  - Өндөр ашиг шимтэй үржлийн мал, үр худалдан авчирч үржилд ашиглах, үнээнд зохиомол хээлтүүлэг хийх арга хэмжээг зохион байгуулах
  - Баг бүрт загвар малчин өрх бий болгох, эрчимжсэн мал аж ахуйн сургалтууд зохион байгуулах
 - Мал аж ахуйн фермерийг хөгжүүлэх
2. Газар тариалан эрхлэх боломж
    - Малын тэжээлийн нөөц бий болгох, байгалийн гамшиг эрсдлээс хамгаалах
    - Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, бэлчээр ашиглалтыг нэмэгдүүлэх
        - Өрхийн тариалалтыг дэмжих, хүлэмж, хамгаалагдсан хөрсний аж ахуйг хөгжүүлэх
    - Хар хагийн услалтын системийг сэргээх, Улаан үзүүрт услалтын тоног төхөөрөмж суурилуулж усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх
   - Хүнсний ногоо боловсруулах технологи нэвтрүүлэх
   - Цөлжилт, элсний нүүдэлтэй тэмцэх арга хэмжээ авч ойн зурвас бий болгох, зохицсон модлог ургамал тариалах ажлыг  үе шаттай зохион байгуулах
  - Ховд голын ой,  зэрлэг чацарганы төглийг хамгаалах, нөхөн сэргээлт хийх замаар ойтой талбайн хэмжээг нэмэгдүүлэх
  - Ойн плантац байгуулах, тарьц, мод үржүүлгийн газрыг өргөтгөх
3. Барилгын болон уул уурхайн  үйлдвэрлэл хөгжүүлэх боломж
- Ханын материалын үйлдвэр ашиглалтанд оруулах
-Шохойн чулуу, шороон будаг боловсруулах цех ажиллуулах
- Хар шанага, Туулайн хар, Цахир хошуу, Сүүжийн шороон будаг, шохойн чулуу, давсны нөөц тогтоолгох
- Яварын уурхайн нүүрсний нөөц, илчлэгийг тогтоолгож, ашиглалтын техник эдийн засгийн нөхцөл, үндэслэлийг боловсруулах
- Яварын нүүрсний уурхайг далд аргаар ашиглах асуудлыг судлан шийдвэрлэх
4. МАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх боломж
- Хонь, тэмээний  ноос болон ноолуур угаах, самнах жижиг үйлдвэр байгуулах
- Арьс шир боловсруулах цех байгуулах
- Сүү, сүүн бүтээгдэхүүний  цех байгуулах
- Мах боловсруулах цех байгуулах (хиам, өлөн г.м)
- ХАА-н бүтээгдэхүүний төрөлжсөн захтай болох
- Малын эрдэс тэжээлийн үйлдвэрийг байгуулах
5. Хүнсний үйлдврлэл үйлчилгээ хөгжүүлэх боломж
- Талх, нарийн боовны үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
-Уламжлалт аргаар болон цех байгуулах замаар арвайн гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
- Нутгийн рашаан усыг савлах цех байгуулах, зах зээлд нийлүүлэх
- Бөөний худалдааны сум дундын сүлжээ бий болгох
- Хүн амыг иоджуулсан давс болон эрдэс  тэжээллэг, эрүүл хүнсээр хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэх
6. Ахуй үйлчилгээний төвлөрсөн цэгийг хөгжүүлэх боломж
- Гэр ахуйн төмөр эдлэл, мод, модон эдлэлийн цех байгуулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах
- Үсчин, гоо сайхан, гэрэл зурагчны үйлчилгээг бий болгох, өргөжүүлэх
- Хими цэвэрлэгээ, гэр ахуйн цахилгаан хэрэгслэл, компьютер, техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний цэг салбарыг бий болгох,
- Сэргээн засварлах үйлчилгээ (гутал засвар, будаг)зохион байгуулж хэрэгжүүлэх
- Зочид буудлын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, стандартад хүргэх
- Сум, багийн төвүүдийг халуун ус, саунтай болгох
- Авто засвар, угаалгын газар ажиллуулах
7. Мэдээлэлийг түгээх үйлчилгээг хөгжүүлэх боломж
- Олон сувгийн кабелийн болон орон нутгийн телевиз, FM -ийн сувагтай болох
- Сумын веб хуудсыг интернетед байрлуулах хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлж, интернет кафе нээн ажиллуулах
- ИТХ , Тамгын газрыг интернет мэдээллийн сүлжээнд холбох, мэдээллийн цахим самбартай болгох,
8. Эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж
- Салхины эрчим хүчийг ашиглах
- Баянгол, Холбоо багийн төвүүдийг эрчим хүчний нэгдсэн системд холбох
- Бүрэн шаталттай зуух, цахилгаан халаагуурын ашиглалтыг нэмэгдүүлэх
- Орон нутгийн нөөцөд тулгуурлан био түлш гаргах боломжийг судлан нэвтрүүлэх
9. Зам, хог, цэвэр бохир усны системийг сайжруулах, хөгжүүлэх боломж
- Сумын төвөөс Яварын уурхай хүртэл сайжруулсан зам тавих
- Өлгий сумтай хатуу хучилттай замаар холбогдох
- Улиастын шилийн замыг засах
- Дулаан, цэвэр, бохир усны сүлжээг байгуулж, ААНБ, айл өрхийг холбох
- Сумын төвд явган хүний зам , гэрлэн дохио тавих
- Хог, хаягдлыг зайлуулах зориулалтын машинтай  болох
- Хог хаягдлыг цуглуулах, ялган ангилах, дахин боловсруулах, эргүүлж ашиглах боломжийг судлан шийдвэрлэх
10. Боловсрол, соёлын  үйлчилгээг сайжрулах, түүх соёлоо хамгаалах боломж
- Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа сурагчдыг  гадаад, дотоодын их дээд сургуульд суралцуулахад дэмжлэг үзүүлж орон нутагтаа ажиллах нөхцлөөр хангах
- Сургуулиудын нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх
- Математик –Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бүсийн төв сургууль болох
- Баруун бүсийн сумдын “Хөдөлмөр эрхлэлтийн боловсролын төв”-ийг мэргэжлийн багшаар хангах мэргэшүүлэх, сургалтын төрлийг нэмэгдүүлэх
- Сургуулиудын байрны дулаан хангамжийг сайжруулах, дотуур байр барих, цэвэр бохир усны байгууламжийг барих
- Сургуулиудыг интернетийн сүлжээнд холбох, цахим сургалтын орчинг бүрдүүлэх, төрөлжсөн кабинетүүдийг шинээр байгуулах
- Сургалтын байрны өргөтгөл хийх, цэвэр усны өөрийн эх үүсвэртэй болох
- Хүүхдийн  хөдөлмөр амралтын зуслан байгуулах
- Музей, номын  сангийн   зориулалтын байртай болгох, тохижуулах
- Соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд ойртуулах, цахим номын сангийн үйлчилгээ нэвтрүүлэх
11. Хүн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, рашаан сувилалыг хөгжүүлэх боломж
- Эх нялхсын бүсийн төрөлжсөн эмнэлэг байгуулах
- Оношлогоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх (нэгдсэн 3- р эмнэлэгтэй холбогдож  зайн оношлогоо хийдэг болох)
- Эмнэлгийн барилга байгууламжийг засварлан тохижуулах, биохими, рентген, зүрхний бичлэгийн аппарат, төрөх, нярайн тусламжийн багаж зэрэг тоног төхөөрөмжөөр хангах 
- Эмийн бус эмчилгээний кабинетийн үйлчилгээ нэвтрүүлэх
- Ногоон цэгээний рашааныг түшиглэн амралт, сувиллыг ажиллуулах
12. Гадаад харилцааг хөгжүүлэх боломж
- ОХУ, БНХАУ-тай Ярант, Цагааннуур, Хандгайтын боомтоор гадаад худалдаа хөгжүүлэх
-  Гадаадын зарим орны мужуудтай шефийн холбоо тогтоож, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах гэрээ, хэлцэл хийх
- Жуулчны суурин болон нүүдлийн бааз байгуулах, үндэсний болон бүсийн сүлжээнд холбогдох нөхцөлийг бүрдүүлэх

 

Дээрх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласнаар Өмнөговь сумынь  нийгэм, эдийн засгийн байдал сайжирч ажилгүйдэл, ядуурал буурч, өрхийн орлого нэмэгдэн, МАА, газар тариалангийн үйлдвэрлэл сэргэж, жижиг дунд  үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжин хөгжсөн  баруун бүсийн төвлөрсөн томоохон төв  болон хөгжих сайхан боломж бүрдэх болно.


Та бүхэн анхааралаа хандуулж нутгийнхаа хөгжилд санаа тавьж, чин сэтгэлээсээ дэмжиж туслана гэдэгт итгэж байна.

УЛСЫН ХӨГЖИЛ СУМААС</br>


Lists of Conferense

Introduction of the ...

Report about the conference